Захирлын мэндчилгээ

batchuluun bagsh1

Б.Батчулуун

Монгол-Туркийн хамтарсан сургууль Монгол улсад анх 1994-1995 оны хичээлийн жилд байгуулагдан үүд хаалгаа нээж байсан бол эдүүгээ 21 дэх хичээлийн жилтэйгээ золгож байна.

Тус сургууль нь “Эрдэм Боловсролтой Монгол Хүн”-ийг бэлтгэх, Монгол улсын боловсролын салбарын шинэчлэлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үйлстээ түүхэн богино хугацаанд бодитой олон арван амжилт ололтуудыг гарган салбартаа тэргүүлсээр ирсэн нь манай сургуулийн багш, ажиллагсад, суралцагчид тэдний эцэг, эхчүүдийн хамтын бүтээл, хамтарч босгосон амжилтын суварга юм.

Иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэсэн, эх оронч, бүтээлч, өрсөлдөх чадвар бүхий өндөр боловсролтой “Зөв Монгол” хүнийг сурган хүмүүжүүлж, иргэн болгон төлөвшүүлэхэд оруулж байгаа тус сургуулийн Монгол, Турк эрдэмтэн багш нарын бүтээлч үйл ажиллагааны амжилт цаашид улам бэхжиж, өргөжин тэлсээр байх болно. Тус сургуулийн үе үеийн төгсөгчид, одоо суралцаж байгаа шавь нар маань Монгол хүний оюун ухаан, мэдлэг чадвар, бүтээлч чанарыг дэлхий дахинд таниулан сурталчлах үйлст өөрсдийн хувь нэмрээ оруулсаар ирсэн нь бидний бахархал болж байдаг билээ.

Бид ямагт өнгөрсөн цаг үеэ дурсаж, өнгөрснөөрөө бахархан суралцаж, гэрэлт ирээдүйдээ цаг үргэлж итгэл дүүрэн тэмүүлж, шинэ шинэ амжилт, хөгжлийн шинэ үе шатныхаа эхлэл, суурийг итгэл төгс тавьсаар ирсэн билээ.

Тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэхийн төлөө өөрийн мэдлэг чадвар, оюун ухаан, авъяас билэг, сэтгэл зүрхээ зориулсаар ирсэн үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, ажиллагсад, суралцагсад, эцэг, эхчүүддээ чин сэтгэлийн талархал дэвшүүлж ажил үйлст нь амжилт бүтээлийн дээд, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

Дархан Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал Б.Батчулуун